Залуу охины өдрийн тэмдэглэл

Binderiya Bindush
4 min readNov 5, 2019

--

Анне Франк нь 1929 онд Германд, Отто Франк, Эдит Франкын 2 дахь охин болж төржээ. 1933 онд Гитлер мангас сонгуульд ялж, арьсны үзэл даамжрах шинжтэй болсонд тэднийх Германаас Холланд руу дүрвэжээ. Тэндээ энх тунх сайхан амьдарч байтал1940 оноос аймшигт Герман, Холланд руу довтолж эхэлсэн байна. 1942 онд Аннегийн эгч Марготод хорих лагерт явуулах зарлан ирсэн тул аав нь компанийхаа дээврийн хөндийд хамт ажиллаж байсан хүний гэр бүлтэй хамт хоргодохоор болжээ. Тэдний хорогдох байрны зохион байгуулалтыг https://www.annefrank.org/en/anne-frank/secret-annex/ эндээс харах боломжтой.

Заа тэгээд нар салхинд гарахгүй, дураараа гүйж, харайж болохгүй хүссэн бүхнээ идэх бүр ямар ч боломжгүй орчинд хүүхэд бүү хэл, том хүн ч амьдрахад хэцүү. Анхандаа бүгд л орчиндоо дасан зохицох, нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөх гэж нилээдгүй хугацаа зарцуулжээ.

Манай хүн ч эгч шигээ хүлцэнгүй, бусдын аясаар биш өөрийнхөөрөө, хэлэх гэснээ шууд хэлдэг, үзэл бодолдоо хатуу зогсдог, шударга, хөгжүүн зантай хүүхэд байж. Нуувчинд амьдарсан 2 жилийн хугацаандаа үглээ, яншаа, хэрүүлч, зодоонч гээд олон төрлийн хүмүүстэй учираа ололцон язгууртнуудын түүх судалж, франц хэлээ сайжруулан, тэмдэглэлээ хөтлөн, бага багаар өөрийн “би”-гээ бүтээсэн байна.

1944 онд тэдэнд тусалж, хоол унд, ном зөөж байсан 2 ажилтны нэг нь урваснаар тэдний нуувчинд амьдрах хугацаа дуусч хорих лагерт хүргэгдсэн байна. Удалгүй ээж нь нас барсны дараа 1945 оны 2 сард Анне, Маргот нэгхэн хоногийн зөрүүтэй гэдэсний хижиг өвчнөөр нас баржээ. Харамсалтай нь тэднийг нас барснаас хойш хэдхэн долоо хоногийн дараа чөлөөлөлт болжээ.Хоргодох байранд нуугдаж байсан 8 хүнээс Аннегийн аав Отто Франк л ганцаараа амьд үлдсэн юм. Тэрээр 1947 онд охиныхоо дэвтрийг ном болгон гаргажээ.

Сүүлд аав нь тэдний хоргодох байрыг олон нийтэд дэлгэж, өдгөө тэрхүү байр нь дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс очиж үздэг музей болсон байна. Яагаав нөгөө The Fault in our stars дээр энэ музей гардаг .

Photographer: Arnold Newman

Сүүлд Отто Франкын хоргодох байранд очсон зураг. Үгээр илэрхийлэмгүй мэдрэмж…

Дэврүүн, хүсэл тэмүүллээр дүүрэн, шударга,Анне Франк 15-хан насалсан ч гэлээ өнөөдрийг хүртэл дуурсагдсаар, хүмүүст хайрлагдсаар л байна.Анне Франкын тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл https://www.annefrank.org/en/ энэ линкээр ороорой.

Номноос анзаарсан зүйлс:

  • Еврей хүмүүсийн ном унших, шинийг сурах дадал. Ирээдүй нь ямар ч тодорхойгүй байхад л тэд суралцсаар л байх юм.
  • Хувиа хичээхгүй, нэг нэгнээ гэх халуун дулаан сэтгэл. Хоргодох байрандаа 7-лаа амьдрах боломжтой байхад нэг ч гэсэн хүний амийг аваръя гээд 1 хүнийг нэмж хорогдох байрандаа оруулсан.
  • Хүнд хэцүү цагт ч нэг нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж, бэлэг солилцох ёс.

Номноос бодууштай хэсгүүд:

  • Анх энд ирээд намайг зовж, шаналж байхад та нарын хэн нь ч ойлгоогүй. Та ч гэсэн нүдэн балай чихэн дүлий царайлж байсан. Та надад туслаагүй! Нэг их шуугиан тарих хэрэггүй л гэж сануулсан. Миний бие өсөж төлжиж, ой ухаан хөгжиж, ээжийг, таныг царайчлахааргүй бие дааж байна. Ингээд л хөлөө олж, өөрийгөө авч явахаар ухаан сууснаа мэдэнгүүт өөрийнхөөрөө баймаар байна.
  • Ер нь байгалийн сайхан нь худал хуурмаг юмгүйдээ л сэтгэлийг баясгадаг бизээ.
  • Хүмүүс яаж “ Би ч дорой буурай ядарсан амьтан даа” гэж хээв нэг ярьж, тэр дорой буурай чигээрээ насыг бардаг юм болоо? Ёстой ойлгомжгүй юм. Түүнийгээ мэдсээр байж яагаад тэр дорой буурай зангаа ялж, зорьсондоо хүрч чадахгүй өөрийгөө “алдаг” юм бол?
  • Петер шиг сул хүмүүсийг хөл дээр нь бат зогсоон, амьдралын их далайд хөлөө олж чаддаг болгох нь үнэхээр амаргүй ажил юмаа. Би яасхийж Петерийг гүнзгий гэгч нь шигдсэн, өөрт нь таатай юм шиг болж дассан тэр намгаас нь яаж татаж гаргах вэ гэж гайхширсаар байна.
  • Аз жаргалаа олж авахын тулд залхуурч, хүнээс илүү хөдөлчих вий гэж биеэ оторлолгүйгээр шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Хийх ажилгүй, өмнөө тавьсан зорилгогүй хүмүүсийг хараад үнэхээр ойлгож чадахгүй юм.
  • Петерийн дутагдал бол өөрийгөө ямар нэгэн авьяасгүй гэж голон, хэзээ ч биеэ дайчилдаггүй. Хөөрхий энэ хөвгүүн хүнийг баярлуулах, бусдад аз жаргал өгөхийн утга учрыг огт ойлгодоггүй нь өрөвдмөөр.
  • Аливаа шашин хүнийг сайн сайхан зүйлд хөтөлдөг. Шашин гэдэг хүмүүсийг хүчирхэг догшин бурхдаар далайлгасан сүрдүүлэг төдий биш, хүмүүнлэг үзэл, шударга ариун байдлыг дээдлэн гэгээрүүлэх гэсэн арга юм. Өдөр бүр нэг сайн үйлийг санаачлан цаг хүчээ хайрлалгүйгээр түүнийгээ бүтээгээд байвал сэтгэл гэгээрэх шүү дээ.
  • Би өөрийгөө шүүмжилж, дутагдлаа засахыг хүсдэг хүн. Өөртөө тохиолдсон бүх үйл явдлыг, өөрийнхөө гаргасан шийдвэрүүдийг дандаа хөндлөнгийн нүдээр харахыг хичээдэг. Өөрөө л бүхнийг ухаарахгүй юм бол эргэн тойрны хүмүүс яахав дээ.

Ийм ухаалаг, хэрсүү байж, өмнөө тулгарсан зовлон шаналлыг баатарлагаар туулж, хойч ирээдүйд үнэтэй сургамжаа хайрласанд нь баярлалаа.

2019.11.06 Мъянмар улс, Янгон хот

--

--

No responses yet